.ХАМРАХ ХҮРЭЭ 1.1. Энэхүү стандарт нь Монгол Улсын Боловсролын хууль, Бага, дунд боловсролын хуулийн хүрээнд суурь боловсролын үндсэн агуулга, цөм хөтөлбөрийн тогтооно. 1.2. Үндсэн агуулгаас гадуур хүүхдийг хөгжүүлэх төрөл бүрийн нэмэлт сонгон суралцах сургалтын агуулга үүнд хамаарахгүй бөгөөд түүнийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зохицуулна. Энэхүү стандартыг суурь боловсролын сургалт явуулж байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн байгууллага, албан тушаалтан, суралцагчид дагаж мөрдөнө. 2. ОРШИЛ 2.1. Энэхүү стандартын зорилго нь сургалтыг ардчилсан нийгмийн иргэн төлөвшүүлэх, хувь хүний сонирхол, эрэлт, хэрэгцээг хангахад чиглэсэн, уян хатан нэгдмэл агуулгатай, түүнийг хэрэгжүүлэх арга зам, хэрэглэгдэхүүнийг олон хувилбартай болгоход оршино. Уг стандартыг нэвтрүүлснээр суурь боловсролын наад захын түвшингийн зорилго, зорилтууд болон хэрэгжүүлэх орчин, арга зам, шалгах шалгуур тодорхой болно. Түүнчлэн суралцагч болон олон нийтийн оролцоог дээшлүүлэх, боловсролын тогтолцоог боловсронгуй болгох нөхцөл бүрдэж, сургалтын чанар, үр ашиг дээшилнэ. 2.2. Энэхүү стандартад суралцагчдын эзэмшсэн байх мэдлэг, чадварын наад захын түвшинг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх хичээл, үйл ажиллагааны цөм агуулгыг тусгасан болно. 3. НЭР ТОМЬЁО БА ТОДОРХОЙЛОЛТУУД 3.1. Боловсролын стандарт нь зохих төвшин (бага, дунд, дээд)-д суралцагчид зайллшгүй эзэмшсэн байх мэдлэг, чадвар, үнэт зүйлсийн тогтолцоо, түүнийг эзэмших боломжтой нөхцөл бүрдүүлэх болон үнэлж, дүгнэх шаардлагаар тус тус тодорхойлогдсон норматив баримт бичиг юм. 3.2. Суурь боловсрол нь бүх нийтийн заавал эзэмших ерөнхий боловсролын түвшин бөгөөд суралцагчдад бага боловсрол эзэмшсэний дараа шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар олгож, цаашид бие дааж суралцах болон амьдрах арга ухаантай бүтээлч бие хүн төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт-хүмүүжлийн нэгдмэл үйл ажиллагаа юм. 3.3. Суурь боловсролын стандарт нь төр, иргэд, олон нийтээс хүн амд үзүүлэх суурь боловсролын үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах, суралцагчдын хөгжлийн наад захын төвшинг тодорхойлсон нийтлэг бөгөөд дахин давтан хэрэглэхээр сонирхогч талууд харилцан тохиролцож, сургалт хүмүүжлийн чанарт тавигдах шаардлага, шалуур хэмжүүрийг тодорхойлсон норматив баримт бичиг юм. 3.4. Суурь боловсролын агуулга нь суурь боловсролын түвшинд суралцагчдын хүрэх наад захын мэдлэг, чадварын тогтолцоо, хүрээг тодорхойлсон цогц зүйл юм. 3.5. Суурь боловсролын цөм хөтөлбөр нь суралцагчдын нас бие, сэтгэхүйн онцлогийгг харгалзан заавал эзэмших, мэдлэг, чадварын үндсэн хэсэг болон дадлага, лабораторийн ажлыг багтаасан баримт бичиг юм.
|